-1

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2018-04-16 20:21:16    |   336

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг өнөөдөр (2018.04.16) хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

 

Азийн сан Хууль сахиулах их сургуультай хамтран \"Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтыг сайжруулах нь” төсөл хэрэгжүүлж байгааг ноён Марк Кэйниг танилцуулав. Уг төслийн хүрээнд шүүгчдийг сургагч багшаар бэлтгэх, шүүгчдэд зориулсан сургалт явуулахад хамтран ажиллах санал тавилаа. Мөн төслийн хүрээнд хөндлөнгийн судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж, хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан олон улсын байгууллагуудтай хамтран шүүгчдэд сургалт зохион байгуулдаг туршлагатайг танилцуулж, сургалтын хөтөлбөрт санал, зөвлөмж өгөх боломжтой гэдгийг хэллээ. Мөн шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш үр дүнд хөндлөнгийн, хараат бус мэргэжлийн экспертээр судлуулж, үнэлгээ хийлгэх санал тавьсан юм.

 

Талууд сургалт зохион байгуулах, судалгаа хийхэд хамтран ажиллахаар тохиролцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

\"\" 
 

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг төсөл хариуцсан менежер Г.Гантулга нар байлцав. 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



. . .