Шүүхийн Тамгын газрын танилцуулга

Түүхэн товчоо

1926 оны эцэс 1927 оны эхний хагаст хошуудын ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн нэг болох “Чандмань уул аймгийн шүүх” 1927.01.03-ны өдөр байгуулагдсанаар одоогийн Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан түүхтэй. Харин улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1933 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор баг сум, хороодын дарга нарын эрхийг өргөтгөж жижиг хэрэг маргааныг захиргааны журмаар шийдвэрлэхээр болсны дээр сум хороодын дарга нар 1933-1944 он хүртэл шүүхийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж шүүгчийн үүргийг гүйцэтгэж байсан. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 04 дүгээр сарын 23-ны 18 дугаар тогтоолоор шүүхийг ард түмэнд ойртуулж шуурхай болгохын тулд аймгийн шүүхийн харьяанд хэд хэдэн сум харьяалсан ангийн /ардын, хэсгийн/ шүүх байгуулагдсан. 1947 онд Булган, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад хэсгийн шүүх байгуулсан ба алс баруун хязгаарын анхны сумуудын нэг болох Булган суманд шүүх байгуулагдах эх үндэс болжээ.

Ховд аймагт хэсгийн ардын 6-н шүүх ажиллаж байснаас Булган суманд 1 дүгээр хэсгийн ардын шүүх ажиллаж байв. Тус шүүх нь Монгол улсын "Шүүх байгуулах тухай” 1993 оны 06 сарын 14-ний өдрийн хуулиар Ховд аймгийн Алтай, Үенч, Булган Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумуудыг харьяалан 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэсгийн шүүхээс Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүх болон шинэчлэн байгуулагджээ. 1993 оноос 2012 оныг дуустал Ховд аймгийн шүүхийн тамгын хэлтсийн харьяанд тамгын алба гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

Тус шүүх нь 1993 он хүртэл 1 шүүгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ба 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ Үндсэн хуулиар шүүхийн тогтолцоог шинэчлэн тогтоож 2015 оны 06 сарын 19-ны өдрийн шүүх байгуулах тухай хуулиар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Мөст, Цэцэг сумуудыг харьяалан орон тоо зохион байгуулалтын хувьд Тамгын газар болон өргөжиж Ерөнхий шүүгч 1, шүүгч 2, Тамгын газрын дарга 1, шүүхийн захиргааны 18 ажилтантай нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүхийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байна.