-1

Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийг шалгарууллаа

2018-04-03 00:22:05    |   355

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг 2017 оноос зохион байгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль хамтран журмыг баталсан.
\"\" 
 
Энэхүү өгүүллийн уралдаан нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны  ажлыг дэмжих зорилготой юм. Анх шагналыг Монголын хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганы үеэр буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан билээ. Энэ жилийн хувьд тус уралдаанд зохиогчдоос \"Хууль дээдлэх ёс”,  \"Эрх зүй” \"Шүүх эрх мэдэл”, \"Хүний эрх” эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 2017 онд нийтлүүлсэн нийт 8 өгүүллийг ирүүллээ. Шилдэг өгүүллийг шалгаруулах журманд заасны дагуу өгүүлэлд шинжлэх ухааны ач холбогдол, шинэлэг санаа дэвшүүлсэн байдал, судалгааны арга зүйн төвшин, онол, практикийн ач холбогдол, дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой байх, эрдэм шинжилгээний бичлэг, хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байх гэсэн шалгуурыг харгалзан шалгаруулсан болно.
\"\" 
Шалгаруулалтыг хийхдээ ирүүлсэн өгүүллийн судлаачдын нэрийг нууцалж, зохион байгуулагч байгууллагын төлөөлөл хууль зүйн доктор, судлаачдад хүргүүлж тэдгээрийн олонхийн саналаар хамгийн өндөр оноо авсан өгүүллийг шалгаруулсан болно. Шалгаруулалтын дүнгээр 2018 оны хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант С.Номынбаясгалангийн \"Нийтийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн асуудал (Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд)” сэдэвт өгүүлэл шалгарлаа.
\"\" 
\"\" 

Шилдэг өгүүллийн зохиогчид шагналыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөлөл 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд гардуулан өглөө.  

 

Эх сурвалж: www.nli.gov.mn


. . .