-1

Шүүгчдэд Төрийн Дээд одон гардууллаа

2018-02-15 10:43:22    |   353

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97, Ардчилсан хувьсгалын 29 жил, уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж шүүгчдийг Төрийн Дээд одонгоор шагналаа. 
\"\"
 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэдэн-Ишийн Туяа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дансрангийн Наранцэцэг нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэрийг Алтангадас одонгоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж    өнөөдөр (2018.02.15) гардуулсан юм. 
\"\"
Шагнал гардуулах ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын төлөөлөл оролцлоо.  
\"\" 
     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж шүүгчдэд хандан \"Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одонгоор шагнуулсан шүүгчдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон жил үр бүтээлтэй, зохистой хэрэгжүүлэн шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү хүндтэй шагналаар шагнасан гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье, сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.
\"\" 

   Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Туяа \"МУИС-ийг 1987 онд төгссөнөөс хойш 31 дэх жилдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Хийсэн ажлыг маань үнэлж Төрийн дээд шагнал гардуулсанд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


. . .